Category: ЭХ ОРОН

Үндэсний үзэл санаа

  • МОНГОЛЧУУД БИДНИЙ АСУУДАЛ МЭДЛЭГИЙН ХОМСДОЛ УУ?, СЭТГЭЛГЭЭНИЙ ДОРОЙТОЛ УУ?

    МОНГОЛЧУУД БИДНИЙ АСУУДАЛ МЭДЛЭГИЙН ХОМСДОЛ УУ?, СЭТГЭЛГЭЭНИЙ ДОРОЙТОЛ УУ?

    Бид яагаад бусдаас авахыг хүсдэг хэрнээ өөрсдөө хөдөлмөрлөх, бүтээх тухай бага ярьдаг юм бол?

    Яагаад нийтийн эрх ашгаас илүү хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавих хандлагатай болчихов?

    Энэ бүхэн чинь тэгэхээр зөвхөн хувь хүний ухамсрын асуудал уу? Эсвэл ядуурал, боловсролын тэгш бус байдал, нийгмийн тогтолцоотой холбоотой юу?

    Ядуурал бол зөвхөн хүмүүсийн халаасыг хоосолдоггүй юм байна, хүмүүсийн ирээдүйгээ төлөвлөх боломжийг нь хязгаарлаж, зөвхөн өнөөдрийнхөө л хэрэгцээндээ хэт төвлөрөхөд хүргэдэг юм байна.

    Гэхдээ ядуу хүн бүр шуналтай биш. Баян хүн бүр ухамсартай ч биш юм байна.

    Хамгийн аюултай нь гэвэл эрдэм мэдлэггүй байх бус, мэдсээр байж бурууг зөвтгөдөг сэтгэлгээ юм байна.

    Бидэнд зөвхөн эдийн засгийн өсөлт биш, сэтгэлгээний өсөлт хөгжил, сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй юм байна.

    Эх орноо хайрлана гэдэг алдааг нь өөгшүүлэх биш, асуудлыг нь шударгаар хэлэлцэж, шийдэл эрэлхийлэх явдал юм байна.

    Хүмүүсээ буруутгах бус, сэтгэлгээг нь сэрээе, ирээдүйд нь итгэл өгье. Урмыг нь тэтгэе. Монголчууд азтай ард түмэн дээ. Сайхан ирээдүй бидний урд байна. Итгэлтэй байцгаая.

    NOMAD NATION — Сэтгэлгээний өөрчлөлтийн төлөө.

    #NomadNation #Сэтгэлгээ #ИргэнийУхамсар #МонголынХөгжил

  • БАЯН УЛС БОЛОХООСОО ӨМНӨ ХӨГЖСӨН ИРГЭДТЭЙ УЛС БОЛОХ ЁСТОЙ ЮУ?

    БАЯН УЛС БОЛОХООСОО ӨМНӨ ХӨГЖСӨН ИРГЭДТЭЙ УЛС БОЛОХ ЁСТОЙ ЮУ?

    NOMAD NATION | ҮЗЭЛ БОДОЛ

    Улс орны хөгжил зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжигдэх үү, эсвэл иргэдийн боловсрол, ухамсар, хариуцлага, амьдралын чанараар тодорхойлогдох уу?

      Монгол Улс байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагтай, хөгжих боломж ихтэй орон. Бид олон жилийн турш эдийн засгаа өсгөх, хөрөнгө оруулалт татах, уул уурхайн орлогоо нэмэгдүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх тухай ярьсаар ирсэн. Гэвч эдгээр зорилгын цаана нэг чухал асуулт үлддэг. Улс орон баян болохын хэрээр иргэдийн амьдрал, боловсрол, ёс зүй, харилцааны соёл, нийгмийн хариуцлага мөн адил хөгжиж байна уу?

      Хөгжлийг зөвхөн мөнгөөр хэмжих нь учир дутагдалтай. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж, томоохон барилга байгууламж сүндэрлэж, зам талбай нэмэгдэж болно. Гэвч иргэд чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах, өөрийгөө хөгжүүлэх боломжгүй хэвээр байвал тэр өсөлтийн үр өгөөжийг бодит хөгжил гэж үзэхэд хүндрэлтэй.

      НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулдаг Хүний хөгжлийн индекс нь улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн орлогоор бус, хүн амын дундаж наслалт, боловсрол, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого зэрэг үндсэн хэмжээсээр үнэлдэг. Энэ нь хөгжил гэдэг ойлголтын төвд хүн байх ёстойг сануулдаг. Гэхдээ хүний хөгжлийн индекс нь иргэдийн ёс суртахуун, харилцааны соёл, нийгмийн хариуцлагыг шууд хэмждэг үзүүлэлт биш. Эдгээр асуудлыг тусад нь судалж, үнэлэх шаардлагатай.

      Хүн хөгжсөн байна гэдэг нь зөвхөн өндөр боловсролын дипломтой, сайн ажилтай, өндөр орлоготой байхыг хэлэхгүй. Мэдлэгээ зөв ашиглах, бусдын эрхийг хүндэтгэх, нийгмийн амьдралд хариуцлагатай оролцох, өөрийн үйлдлийн үр дагаврыг ойлгох чадвар ч чухал. Боловсролтой хүн бүр ёс зүйтэй байна гэсэн баталгаа үгүй. Харин боловсрол нь мэдлэгийн зэрэгцээ шүүн тунгаах, хамтран ажиллах, хариуцлага хүлээх чадварыг хөгжүүлэх учиртай.

      Бид нийтийн эзэмшлийн орон зайд хэрхэн хандаж байгаагаасаа ч нийгмийн соёлын түвшнээ харж болно. Шинээр барьсан зам, талбайгаа хайрлан хамгаалж байна уу? Орц, гудамж, цэцэрлэгт хүрээлэнгээ цэвэр байлгаж чадаж байна уу? Нийтийн тээвэрт бусдын эрхийг хүндэтгэж байна уу? Хог хаягдлаа зориулалтын саванд хийж, бусдын амгалан тайван байдлыг бодолцож байна уу? Эдгээр нь жижиг мэт боловч хамтын амьдралын чанарт шууд нөлөөлдөг өдөр тутмын үйлдлүүд юм.

      Гэхдээ иргэдийн хариуцлагыг ярихдаа төрийн үүргийг орхигдуулж болохгүй. Хогийн савгүй газарт цэвэр байдлыг шаардах, аюулгүй явган хүний замгүй орчинд замын хөдөлгөөний соёлын тухай ярих, хүртээмжгүй үйлчилгээнд иргэдийг буруутгах нь асуудлыг нэг талаас нь харсан хэрэг болно. Нийгмийн зөв дадал төлөвшихөд ойлгомжтой дүрэм, хүртээмжтэй үйлчилгээ, шударга хэрэгжилт, үлгэр дуурайлал хэрэгтэй. Иргэний хариуцлага, төрийн хариуцлага хоёр бие биеэ нөхөх ёстой.

      Нөгөө талаар хөгжилтэй нийгэм гэдэг нь иргэд нь бүгд ижил бодолтой, нэг хэв маягаар амьдардаг нийгэм биш. Харин ялгаатай үзэл бодол, амьдралын нөхцөл, соёл, хэрэгцээтэй хүмүүс бие биеийнхээ эрхийг хүндэтгэн хамтран амьдарч чаддаг нийгэм юм. Бусдыг сонсох, санал зөрөлдөөнөө тайван шийдвэрлэх, мэдээллийн үнэн зөвийг нягтлах, хууль дүрмийг ухамсартай дагаж мөрдөх нь ардчилсан нийгмийн төлөвшилд чухал нөлөөтэй.

      Иргэний хөгжил гэр бүл, сургуулиас эхэлдэг. Хүүхэд зөвхөн хичээлийн мэдлэг эзэмшихээс гадна бусадтай харилцах, өөрийн үүргийг ухамсарлах, хамтын шийдвэр гаргахад оролцох, алдаа гаргавал хариуцлага хүлээх дадалд суралцах шаардлагатай. Хүүхдэд бусдыг хүндэтгэх тухай заахын зэрэгцээ томчууд өөрсдөө тэр зарчмыг хэрэгжүүлдэг байх нь илүү хүчтэй үлгэр дуурайлал болно.

      Бид хүүхдүүддээ ямар нийгмийг өвлүүлж үлдээх гэж байна вэ? Байгалийн баялагтай ч түүний үр өгөөжийг шударгаар хүртэж чаддаггүй, шинэ барилгатай ч нийтийн өмчөө хайрладаггүй, мэдээлэл ихтэй ч нэгнээ сонсдоггүй нийгмийг үү? Эсвэл хөдөлмөрийг үнэлдэг, боловсролыг эрхэмлэдэг, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг, иргэд нь өөрсдийн амьдрах орчиндоо эзэн болж чаддаг нийгмийг үү?

      Энд нэг зүйлийг онцлох шаардлагатай. Хүний хөгжлийг зөвхөн хувь хүний хүсэл эрмэлзэлтэй холбон тайлбарлах боломжгүй. Хүн өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн ч чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, тогтвортой орлого, аюулгүй орчин, мэдээлэлд хүрэх боломжгүй бол тэр хүсэл нь бодит үр дүнд хүрэхэд хүндрэлтэй. Тиймээс хүний хөгжил бол хувь хүний хүчин чармайлт болон нийгмийн боломжийн харилцан үйлчлэлийн үр дүн юм.

      Баялгийн тухайд ч бид ийм өнцгөөс харах хэрэгтэй. Байгалийн баялаг бол эдийн засгийн боломж. Харин тэр боломжийг иргэдийн амьдралын чанар, боловсрол, эрүүл мэнд, ур чадвар, ирээдүйн баталгаанд хөрвүүлж чадвал жинхэнэ үнэ цэн нь бий болно. Ашигт малтмалын орлого түр хугацаанд өсөж болно. Харин мэдлэгтэй, чадвартай, хариуцлагатай иргэдийн бүтээх үнэ цэнэ үеэс үед үргэлжлэх боломжтой.

      Гэхдээ баян улс болох, хөгжсөн иргэдтэй болох хоёрыг заавал дараалуулах шаардлагагүй. Эдийн засгийн хөгжил хүний хөгжлийг дэмжиж, хүний хөгжил эргээд эдийн засгийн өсөлтийн суурийг бэхжүүлдэг. Чанартай боловсролтой, эрүүл, ур чадвартай иргэд бүтээмжтэй хөдөлмөрлөж, шинэ санаа хэрэгжүүлж, нийгмийн баялаг бүтээнэ. Харин эдийн засгийн өсөлтөөс бий болсон нөөцийг боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчны сайжруулалтад чиглүүлснээр хүний хөгжлийн боломж улам нэмэгдэнэ.

      Энэ харилцан хамаарлыг ойлгох нь төрийн бодлогод чухал. Бид зөвхөн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр бус, тэр хөрөнгө оруулалтын үр дүнд иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарснаар амжилтаа хэмжих хэрэгтэй. Сургууль барьсан бол хүүхдүүд чанартай боловсрол эзэмшиж байна уу? Эмнэлэг барьсан бол иргэд шаардлагатай тусламж үйлчилгээгээ цаг тухайд нь авч байна уу? Зам тавьсан бол хүмүүс аюулгүй, хүртээмжтэй зорчиж байна уу? Энэ мэт бодит үр дүнг анхаарах шаардлагатай.

      Мөн хөгжсөн иргэн гэдэг ойлголтыг хэн нэгнийг дорд үзэх, боловсрол, орлогоор нь ялгаварлах хэмжүүр болгож болохгүй. Хүний үнэ цэнэ түүний диплом, хөрөнгө мөнгө, албан тушаалаар тодорхойлогдохгүй. Харин хүн бүр суралцах, хөгжих, нийгэмдээ хувь нэмэр оруулах тэгш боломжтой байх нь хөгжлийн бодлогын үндсэн зорилго байх учиртай.

      Монгол Улс байгалийн баялгаа зөв удирдах, эдийн засгаа төрөлжүүлэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ иргэдийнхээ мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, харилцааны соёлд тогтвортой хөрөнгө оруулах хэрэгтэй. Баялаг бүтээх, баялгаа зөв хуваарилах, нийтийн эрх ашгийг хамгаалах, ирээдүй хойч үедээ хариуцлагатай хандах нь салангид зорилтууд биш.

      Эцэст нь бид улсынхаа хөгжлийг юугаар хэмжихээ өөрсдөөсөө асуух ёстой. Байгалийн баялгийн нөөцөөр үү? Эдийн засгийн өсөлтийн хувиар уу? Эсвэл иргэд нь хэр эрүүл, боловсролтой, аюулгүй, итгэлтэй, хариуцлагатай амьдарч байгаагаар уу?

      Баян улс болох нь зорилго байж болно. Харин тэр баялаг хүний сайн сайхан амьдралд үйлчлэхгүй бол хөгжлийн утга учир дутуу үлдэнэ.

      Тиймээс бид баян улс болохоосоо өмнө хөгжсөн иргэдтэй болох ёстой юу гэж асуухаас гадна, баялгаа хүний хөгжил болгон хувиргаж чадаж байна уу гэж асуух хэрэгтэй.

      Учир нь улсын хамгийн үнэ цэнтэй баялаг бол зөвхөн газрын хэвлийд байгаа ашигт малтмал биш. Тэр баялгийг зөв удирдаж, бүтээж, хамгаалж, ирээдүйд өвлүүлэх хүмүүс юм.


    NOMAD NATION | Редакцийн үзэл бодол

    Ашигласан болон лавлах эх сурвалж

    1. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP). Human Development Report 2023/2024: Breaking the Gridlock.
    2. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр. Human Development Index (HDI) — Аргачлал, үндсэн хэмжээсүүд.
    3. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO). Reimagining Our Futures Together: A New Social Contract for Education, 2021.

  • Ард түмэн өөрсдөө авилгачид мөн үү?

    Ард түмэн өөрсдөө авилгачид мөн үү?

    Хэлэлцүүлэг. Гал гарсан нийтлэл бичье. Үнэнийг хэлсний төлөө барьж идэцгээнэ биз. Гэхдээ үнэнийг хэлж байж нэг бол алдаагаа хүлээн зөвшөөрөөд засах, эсвэл бүр дордох гэсэн 2 хувилбар л байна. Соёлтой хэрэлдэцгээгээрэй.

    “АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ АВИЛГАЧИД” мөн үү?

    УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй кандидат мөнгөгүй хүн бол «Аан энэ хүн мөнгөгүй юм чинь гишүүн болж мөнгөтэй болж идэж уух нь, ядуу гишүүн бол хэрэггүй» гээд санал өгөх нь бүү хэл нэг нүдээрээ ч хардаггүй.

    Харин мөнгөтэй хүнийг харахаараа долигоноод «Энэ хүн чинь баян хүн тул мөнгөөр ханачихсан, идэж уухгүй биз» гээд л яаж ийж байгаад л тав арван цаасыг нь олоод авцгаачихдаг.

    Нутгийн зөвлөл ч гэх юмуу, ямар нэгэн холбоо энэ тэртэй хүмүүс хамгийн түрүүнд кандитатын ажлын албаныхантай уулзаад л найраагаа ярьцгаадаг. Надад тэдэн сонгогч байна, тэд нар маань найдвартай сонгоно гм-ээр мөнгө салгадаг.

    Ингээд манай ард түмний хүсэлтээр нэр дэвшигч маань аль нэг том ивээн тэтгэгчдээс мөнгө зээлэн улс төрд орж ирдэг.

    Мөнгөтэй хүн маань улс төрд орж, сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж олох, мөнгө авсан бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө зүтгэх, тэдний хүмүүсийг эрх мэдэлтэй албан тушаалд оруулах гээд маш их завгүй бухимдалтай байдлууд эхлэнэ.

    Гэтэл тэр хашааны цаана байгаа сонгож оруулж ирсэн ард түмнийх нь асуудал түй ч хамаагүй бөгөөд өөрийнхөө бүлэглэл, эрх ашгийн зодоон дунд бужигнасаар 4 жил нэг мэдэхэд өнгөрсөн байна.

    Сонгогдсоныхоо дараа бидний нөгөө шүтээд сонгосон баян гишүүн хэний эрх ашгийг хамгаалж, хэний төлөө зүтгэж байна? Өөрийг нь сонгосон ард түмнийхээ төлөө юу, эсвэл санхүүжүүлсэн хүмүүсийнхээ төлөө юу? Ойлгомжтой байгаа биз дээ.

    Авлига тэгэхээр төрийн ордноос эхлээгүй байх нь. Авилга тэгэхээр сонгогчдоос эхэлсэн байх нь. Авлигын гол хариуцлагыг албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс хүлээх ёстой гээд л байдаг, яг үнэндээ сонгогчид бид ч бас сонголтондоо хариуцлага хүлээх цаг ирчихсэн байна тийм үү?

    Мөнгөгүй ч мэдлэгтэй, чадвартай, нэр цэвэр хүнийг «Мөнгө байхгүй юм чинь яаж гишүүн хийж чадах юм?», «Сонгуульд мөнгө зарцуулахгүй бол мэдээж гарч ирж чадахгүй» гэдэг.

    Харин том том сурталчилгаа хийж, мөнгө тараах боломжтой хүмүүстээ итгэл үзүүлчихээд, сонгуулийн дараа авлига, шударга бус байдлыг гайхаад ниргэсэн хойно нь хашгирав болоод бухимдацгаагаад байх юм.

    Бид өөрсдөө эхлээд мөнгөөр саналаа үнэлчихээд, дараа нь шударга төр нэхэх эрхтэй юу?

    Мөнгөгүй нэр дэвшигч (кандидат) хэвлэл мэдээллээр байр сууриа хүргэхэд ч хязгаарлагдмал. Мөнгөгүй нэр дэвшигчээс ярилцлага авахгүй, нийтлэхгүй, заримдаа мөнгө төлөөгүй нэр дэвшигчийн зургийг ч оруулаагүй сонины нийтлэл байгаа шүү.

    Тэгээд ялагдсан кандидатаа «Чадваргүй» гэж басамжилдаг ч нүгэл нүдээрээ гэгчээр өөрсдийнх нь амьдрал дордоод, боломж хумигдаад байгаадаа өөрөө буруутай гэдгээ мэдэхгүй л явцгааж байна уу?

    Кандидат үнэхээр чадваргүй байсан уу?, өрсөлдөх боломж нь анхнаасаа хязгаарлагдмал байсан уу? гэдгийг та бүхэн бодож үзэж байсан уу?

    Нэр цэвэр, үнэ хүндтэй хүн маань гэтэл машин унаагүй, чанга яригчаа үүрээд, явган таваргаад ард иргэдтэй өөрөө биечлэн уулзаж буйг хараад шоолж байсан хэрнээ мөнгөтэйд нь долигонож, хэдэн төгрөгийн төлөө саналаа өгөөд эцэст нь хэн хохирцгоов?

    Эцэст нь та бүхэн мөнгөөр саналаа худалдсан хүмүүстээ итгэж найдаад эх орны баялгаа өөрсдөө зараад энд тэнд барьцаанд тавиад туучихсан буруутан сонгогч та өөрөө л байна шүү дээ. Одоо гайхах, харамсах юун???

    Өнөөдөр авсан хэдэн төгрөгөөрөө маргаашийнхаа, хэдэн жилийнхээ, бүр ирээдүйгээ үр ач нарынхаа бүх боломжийг алдсанаа сонгогч та ойлгож ухаарав уу?

    Бүгдийг улс төрчдөд тохож болохгүй. Сонгогчид та бид ч өөрсдийн сонголт, хандлагаа эргэж харах цаг болсон.

    Би л гэхэд 2020 онд мөнгөгүй, ядуу гэдгээрээ дуудуулж, орон нутагт УИХ-д нэр дэвшиж явахад ах дүү, хамаатан садан минь хүртэл ичиж байсан байх гэмээр надаас дөлж зугатаж, жийрхэж байсан.

    Гэсэн ч надад итгэж, саналаа өгсөн 266 хүндээ би өнөөдөр ч талархаж байна. Та нар маань мөнгөнд биш, надад итгэж саналаа өгсөн учраас тэр итгэлийг би мартдаггүй. (Мэдээж миний ах дүү нар дотно найз нөхөд бүгд л багтсан гэж итгэж байгаа..)

    Тиймээ би дахин 2028 онд дахиад нэр дэвшинэ ээ. Энэ удаа 500 хүний санал авчихвал бүр алан болно за.

    Сонгуулийн дараа «Ард түмэн минь, та нар хэзээ засрах юм бэ?» гэдэг ном бичнэ. LOL.

    Гэхдээ энэ нийтлэлийн зорилго бол ард түмнээ муулах биш шүү, харин бид ойлгож ухаараад, сайн бодож тунгаагаад, нээрээ хоосон хүнээ дэмжээд үзье, хоосон чигээрээ хугацаагаа дуусгавал дахиад сонгоод байя гэтэл итгэл алдахгүй ч юм билүү?

    Оросын Төрийн Дум сая хамгийн ахмад эмэгтэй гишүүн бол Валентина Терешковаг сонгосон. 2026 онд 89 настай бөгөөд шинэ IX дэх удаагийн Думын хамгийн ахмад эмэгтэй депутат.

    Би одоо 53 настай гэхээр 36 жил өмнө минь цэлийгээд байж байна. 9 удаа УИХ-д сонгогдох хугацаа байна. Хөрөнгөө тоолуулаад л, улс эх орныхоо эрх ашгийн төлөө хэн нэгэнд барьцаалагдахгүй яваад байх боломж байгаа биз???

    УИХ-ын гишүүд гэдэг бол салбар салбарын эгэл жирийн багш, эмч, инженер, малчин, тариаланчдын төлөөлөл хурлын л гишүүд болохоос баячуудын цуглуулга биш шүү дээ…

    Энэ тогтолцоог халж эгэл жирийн 76-126 гишүүн сонгож оруулж ирчихээд ард түмэн минь хэмлээд сууж байх нь зөв байгаа биз дээ гээд өөрсдөөсөө асуугаад үзээрэй.

    Бид үнэхээр шударга төрийг үнэхээр хүсэж байна уу?, эсвэл өөрсдөдөө ашигтай үедээ л шударга ёсны тухай ярьдаг болчихов уу? Өөрчлөлтийг хүсэж байгаа бол сонголтоосоо эхэлье та минь.

    • Мөнгөтэй хүнийг автоматаар чадвартай хүн гэж бодохоо больцгооё.
    • Мөнгөгүй хүнийг автоматаар чадваргүй гэж бүү дүгнэхээ больцгооё.
    • Саналаа мөнгөөр үнэлэхээ больцгооё.

    Төрийг өөрчлөхөөсөө өмнө эхлээд сонгуулийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй байна аа. За тэр УИХ сонгууль хол байна. Монголчууд бидэнд яг одоо оюун санааны удирдагч хэрэгтэй байна. Нэлээд оюунлаг, зангарагтай удирдагчийг бид яаран олохгүй бол энэ Монгол улсад чинь удирдагчийн заяа нь хаячихсан юм шиг нэг л болдоггүй ээ.

    Хэн ч бай дэвшээд ирсэн хэнийг ч байсан хувь хүнийх нь хувьд газар цөмөртөл доромжилдгоо больцгоомоор байна аа.