Category: ҮЗЭЛ БОДОЛ

  • МОНГОЛЧУУД БИДНИЙ АСУУДАЛ МЭДЛЭГИЙН ХОМСДОЛ УУ?, СЭТГЭЛГЭЭНИЙ ДОРОЙТОЛ УУ?

    МОНГОЛЧУУД БИДНИЙ АСУУДАЛ МЭДЛЭГИЙН ХОМСДОЛ УУ?, СЭТГЭЛГЭЭНИЙ ДОРОЙТОЛ УУ?

    Бид яагаад бусдаас авахыг хүсдэг хэрнээ өөрсдөө хөдөлмөрлөх, бүтээх тухай бага ярьдаг юм бол?

    Яагаад нийтийн эрх ашгаас илүү хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавих хандлагатай болчихов?

    Энэ бүхэн чинь тэгэхээр зөвхөн хувь хүний ухамсрын асуудал уу? Эсвэл ядуурал, боловсролын тэгш бус байдал, нийгмийн тогтолцоотой холбоотой юу?

    Ядуурал бол зөвхөн хүмүүсийн халаасыг хоосолдоггүй юм байна, хүмүүсийн ирээдүйгээ төлөвлөх боломжийг нь хязгаарлаж, зөвхөн өнөөдрийнхөө л хэрэгцээндээ хэт төвлөрөхөд хүргэдэг юм байна.

    Гэхдээ ядуу хүн бүр шуналтай биш. Баян хүн бүр ухамсартай ч биш юм байна.

    Хамгийн аюултай нь гэвэл эрдэм мэдлэггүй байх бус, мэдсээр байж бурууг зөвтгөдөг сэтгэлгээ юм байна.

    Бидэнд зөвхөн эдийн засгийн өсөлт биш, сэтгэлгээний өсөлт хөгжил, сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй юм байна.

    Эх орноо хайрлана гэдэг алдааг нь өөгшүүлэх биш, асуудлыг нь шударгаар хэлэлцэж, шийдэл эрэлхийлэх явдал юм байна.

    Хүмүүсээ буруутгах бус, сэтгэлгээг нь сэрээе, ирээдүйд нь итгэл өгье. Урмыг нь тэтгэе. Монголчууд азтай ард түмэн дээ. Сайхан ирээдүй бидний урд байна. Итгэлтэй байцгаая.

    NOMAD NATION — Сэтгэлгээний өөрчлөлтийн төлөө.

    #NomadNation #Сэтгэлгээ #ИргэнийУхамсар #МонголынХөгжил

  • МОНГОЛ ХҮН ЯАГААД АЖИЛЛААД Ч АМЬДРАЛ НЬ ӨӨДЛӨХГҮЙ БАЙНА ВЭ?

    МОНГОЛ ХҮН ЯАГААД АЖИЛЛААД Ч АМЬДРАЛ НЬ ӨӨДЛӨХГҮЙ БАЙНА ВЭ?

    NOMAD NATION | ҮЗЭЛ БОДОЛ

    Хөдөлмөрлөж байгаа хүн амьдралаа дээшлүүлэх боломжтой байх нь хөгжлийн хамгийн энгийн бөгөөд чухал хэмжүүрүүдийн нэг юм.

      Монгол хүн өглөө эрт босож, ажилдаа яарч, орой гэртээ ядарч ирдэг. Маргааш нь дахиад л ажилдаа явна. Сар бүр цалин бууна. Гэвч тэр цалин амьдралыг нь дээшлүүлэхээсээ илүү өмнөх сарын өр төлбөрийг барагдуулахад зориулагдах нь бий. Ажилтай, орлоготой хэрнээ хуримтлалгүй, ирээдүйдээ итгэл багатай амьдрах энэ нөхцөл олон хүний санааг зовоож байна.

      Хүн ажиллаж байгаа хэрнээ яагаад амьдрал нь урагшлахгүй байна вэ? Энэ асуултыг зөвхөн хувь хүний хөдөлмөрч, залхуугаар тайлбарлаж болохгүй. Учир нь хөдөлмөрийн үр шим амьдралын чанарт хэрхэн нөлөөлөх нь цалингийн хэмжээ төдийгүй бараа бүтээгдэхүүний үнэ, орон сууцны хүртээмж, санхүүгийн тогтолцоо, хөдөлмөрийн бүтээмж, төрийн бодлого зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.

      Нэг өрхийн сарын орлогыг төсөөлөөд үзье. Цалин буулаа. Орон сууцны зээл эсвэл түрээс төлнө. Хүнсээ цуглуулна. Цахилгаан, дулаан, утас, интернэтийн төлбөрөө төлнө. Хүүхдийн сургууль, цэцэрлэг, унаа, эмчилгээний зардал гарна. Ингээд сарын эцэст хуримтлал үүсгэх мөнгө үлдэхгүй бол тухайн өрх хэчнээн хөдөлмөрлөсөн ч эдийн засгийн хувьд бэхжих боломж нь хязгаарлагдана.

      Эндээс нэг чухал ялгаа харагдана. Цалин нэмэгдэх, амьдрал сайжрах хоёр ижил ойлголт биш. Орлого өссөн ч хэрэглээний үнэ, байрны түрээс, зээлийн төлбөр түүнээс хурдан нэмэгдвэл иргэдийн бодит худалдан авах чадвар сайжрахгүй. Тиймээс хөдөлмөрийн үр шимийг зөвхөн авсан цалингийн хэмжээгээр бус, тэр орлогоороо ямар амьдрал бүтээж чадаж байгаагаар үнэлэх учиртай.

      Монгол Улсын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарсныг үгүйсгэх аргагүй. Дэлхийн банкны ангиллаар Монгол Улс 2024 онд дундаас дээш орлоготой орнуудын бүлэгт шилжсэн. Мөн Дэлхийн банкны 2025 оны ядуурал, тэгш бус байдлын үнэлгээнд 2022–2024 оны хооронд нэг хүнд ногдох өрхийн бодит орлого бараг 30 хувиар өссөнийг тэмдэглэсэн байдаг. Гэвч улсын дундаж үзүүлэлт сайжрах нь өрх бүрийн амьдрал ижил хэмжээгээр дээшилсэн гэсэн үг биш. Тус байгууллагын мэдээллээр 2022 онд хүн амын 27.1 хувь нь үндэсний ядуурлын шугамаас доогуур амьдарч байжээ.

      Эдгээр үзүүлэлтийг нэгтгэн харахад эдийн засгийн өсөлтөөс гадна түүний үр өгөөж иргэдэд хэрхэн хүрч байгааг анхаарах шаардлагатай нь ойлгогдоно. Улсын нийт орлого нэмэгдэж болох ч өрхийн санхүүгийн тогтвортой байдал, хуримтлал, орон сууцтай болох боломж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэрэг нь иргэдийн амьдралын чанарыг илүү бодитоор илэрхийлдэг.

      Өнөөдөр олон өрхийн хувьд өр зээл амьдралын салшгүй хэсэг болжээ. Зээл өөрөө буруу зүйл биш. Орон сууцтай болох, бизнес эхлүүлэх, боловсрол эзэмших зэрэг урт хугацааны зорилгыг хэрэгжүүлэхэд санхүүгийн чухал хэрэгсэл болдог. Харин өдөр тутмын хэрэглээгээ зээлээр нөхөж, дараагийн цалингаараа өмнөх өрөө төлөх байдал тогтмолжвол өрхийн санхүүгийн эрх чөлөө улам хязгаарлагдана.

      Өөрөөр хэлбэл, хүн өнөөдөр олсон мөнгөөрөө маргаашийн амьдралаа бүтээх бус, өчигдрийн хэрэглээгээ төлж эхэлдэг. Ийм нөхцөлд гэнэтийн өвчин, ажлын байрны өөрчлөлт, үнийн өсөлт зэрэг нь өрхийн санхүүд хүнд цохилт болж мэднэ. Орлоготой боловч хуримтлалгүй, санхүүгийн хамгаалалтгүй амьдрал ямар эмзэг болохыг эндээс харж болно.

      Орон сууцны асуудал ч үүнтэй салшгүй холбоотой. Орон сууц гэдэг зөвхөн дөрвөн ханатай байр биш. Энэ бол хүүхэд тайван өсөх орчин, гэр бүлийн тогтвортой байдал, ирээдүйгээ төлөвлөх боломж юм. Гэтэл байрны урьдчилгаа бүрдүүлэх, ипотекийн шаардлага хангах, түрээсийн төлбөрийн хажуугаар хуримтлал үүсгэх нь олон өрхийн хувьд амаргүй сорилт хэвээр байна.

      Бид иргэдийг хуримтлалтай, санхүүгийн сахилга баттай байхыг зөвлөдөг. Энэ бол зөв шаардлага. Гэхдээ өдөр тутмын зайлшгүй хэрэглээ орлогын ихэнхийг эзэлж байгаа нөхцөлд хуримтлал үүсгэх бодит боломж хэр байгааг мөн асуух ёстой. Хувь хүний хариуцлагыг шаардахын зэрэгцээ тэр хариуцлагыг хэрэгжүүлэх эдийн засгийн орчин бүрдсэн эсэхийг үнэлэх нь шударга хандлага юм.

      Нөгөө талаар бид амьдралаа сайжруулахын тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй гэж ярьдаг. Гэвч хүний хоногийн цаг хязгаартай. Өдөржин ажиллаад, орой нэмэлт орлого хайж, амралтын өдрөөр ч хөдөлмөрлөсөөр байвал гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, өөрийгөө хөгжүүлэх цаг хаана үлдэх вэ? Хүний амьдралын чанарыг зөвхөн орлогоор хэмжих боломжгүй. Амрах, суралцах, гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлэх, нийгмийн амьдралд оролцох боломж ч хүний хөгжлийн нэг хэсэг билээ.

      Иймээс хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал онцгой ач холбогдолтой. Хүн зөвхөн илүү олон цаг ажилласнаар бус, нэг цагийн хөдөлмөр нь илүү үнэ цэнтэй болсноор амьдралаа дээшлүүлэх боломжтой байх ёстой. Үүний тулд ур чадвар хөгжүүлэх боловсрол, технологийн шинэчлэл, ажлын байрны зохион байгуулалт, шударга цалин хөлсний тогтолцоо зэрэг нь харилцан уялдах шаардлагатай.

      Гэхдээ энэ асуудлыг зөвхөн төр засаг эсвэл ажил олгогчид хамаатуулах нь бас өрөөсгөл. Иргэд өөрсдөө санхүүгийн боловсролоо дээшлүүлэх, хэрэглээгээ төлөвлөх, ур чадвараа хөгжүүлэх, боломжийнхоо хэрээр хуримтлал үүсгэх хариуцлагатай. Харин нийгэм, эдийн засгийн бодлого нь хөдөлмөрлөж, хичээж байгаа хүнд амьдралаа дээшлүүлэх бодит боломж олгох ёстой. Хувь хүний хичээл зүтгэл, нийгмийн шударга боломж хоёр бие биеэ нөхөж байж үр дүнд хүрнэ.

      Эндээс бид хөгжлийн тухай ойлголтоо эргэн харах шаардлагатай болж байна. Улсын эдийн засаг хэдэн хувиар өссөн, төсвийн орлого хэр нэмэгдсэн, хэдэн барилга ашиглалтад орсон гэдэг нь мэдээж чухал үзүүлэлт. Гэвч тэдгээрийн цаана иргэдийн бодит амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг орхигдуулж болохгүй. Өрхийн орлого хүрэлцээтэй болж байна уу? Хүмүүс хуримтлал үүсгэж чадаж байна уу? Залуу гэр бүлүүд орон сууцтай болох итгэлтэй байна уу? Хүүхдүүд чанартай боловсрол эзэмших тэгш боломжтой байна уу? Эдгээр асуулт хөгжлийн бодлогын төвд байх учиртай.

      Монголчууд бид баян улс болох тухай олон жил ярьсан. Харин хөдөлмөрлөж байгаа хүн амьдралаа дээшлүүлж, хүүхдийнхээ ирээдүйд санаа зовох нь багасаж, хуримтлалтай, сонголттой, тайван амьдрах боломжтой болсон эсэхийг илүү нухацтай ярилцах цаг иржээ.

      Улсын хөгжил гэдэг нь зөвхөн барилга, зам, эдийн засгийн өсөлт биш. Хүний хөдөлмөр үнэлэгдэж, амьдрал нь бодитоор сайжирч, ирээдүйдээ итгэх итгэл нь нэмэгдэж байхыг ч хөгжил гэнэ.

      Монгол хүн илүү их ажиллах ёстой юу? Эсвэл хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдрах боломжтой нийгмийг бид бүтээх ёстой юу?

      Энэ бол зөвхөн эдийн засгийн биш, шударга ёс, хүний хөгжлийн тухай асуулт юм.


    NOMAD NATION | Редакцийн үзэл бодол

    Эх сурвалж:

    1. Дэлхийн банк. Mongolia Poverty and Equity Assessment, 2025.
    2. Дэлхийн банк. Монгол Улсын орлогын ангилал болон ядуурлын талаарх мэдээлэл.
    3. Үндэсний статистикийн хороо. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа.

    Тайлбар: Энэхүү нийтлэл нь нийтэд нээлттэй судалгааны мэдээлэлд тулгуурласан редакцийн үзэл бодол бөгөөд статистикийн мэдээлэл болон зохиогчийн дүгнэлтийг ялган найруулсан болно.

  • Ард түмэн өөрсдөө авилгачид мөн үү?

    Ард түмэн өөрсдөө авилгачид мөн үү?

    Хэлэлцүүлэг. Гал гарсан нийтлэл бичье. Үнэнийг хэлсний төлөө барьж идэцгээнэ биз. Гэхдээ үнэнийг хэлж байж нэг бол алдаагаа хүлээн зөвшөөрөөд засах, эсвэл бүр дордох гэсэн 2 хувилбар л байна. Соёлтой хэрэлдэцгээгээрэй.

    “АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ АВИЛГАЧИД” мөн үү?

    УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй кандидат мөнгөгүй хүн бол «Аан энэ хүн мөнгөгүй юм чинь гишүүн болж мөнгөтэй болж идэж уух нь, ядуу гишүүн бол хэрэггүй» гээд санал өгөх нь бүү хэл нэг нүдээрээ ч хардаггүй.

    Харин мөнгөтэй хүнийг харахаараа долигоноод «Энэ хүн чинь баян хүн тул мөнгөөр ханачихсан, идэж уухгүй биз» гээд л яаж ийж байгаад л тав арван цаасыг нь олоод авцгаачихдаг.

    Нутгийн зөвлөл ч гэх юмуу, ямар нэгэн холбоо энэ тэртэй хүмүүс хамгийн түрүүнд кандитатын ажлын албаныхантай уулзаад л найраагаа ярьцгаадаг. Надад тэдэн сонгогч байна, тэд нар маань найдвартай сонгоно гм-ээр мөнгө салгадаг.

    Ингээд манай ард түмний хүсэлтээр нэр дэвшигч маань аль нэг том ивээн тэтгэгчдээс мөнгө зээлэн улс төрд орж ирдэг.

    Мөнгөтэй хүн маань улс төрд орж, сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж олох, мөнгө авсан бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө зүтгэх, тэдний хүмүүсийг эрх мэдэлтэй албан тушаалд оруулах гээд маш их завгүй бухимдалтай байдлууд эхлэнэ.

    Гэтэл тэр хашааны цаана байгаа сонгож оруулж ирсэн ард түмнийх нь асуудал түй ч хамаагүй бөгөөд өөрийнхөө бүлэглэл, эрх ашгийн зодоон дунд бужигнасаар 4 жил нэг мэдэхэд өнгөрсөн байна.

    Сонгогдсоныхоо дараа бидний нөгөө шүтээд сонгосон баян гишүүн хэний эрх ашгийг хамгаалж, хэний төлөө зүтгэж байна? Өөрийг нь сонгосон ард түмнийхээ төлөө юу, эсвэл санхүүжүүлсэн хүмүүсийнхээ төлөө юу? Ойлгомжтой байгаа биз дээ.

    Авлига тэгэхээр төрийн ордноос эхлээгүй байх нь. Авилга тэгэхээр сонгогчдоос эхэлсэн байх нь. Авлигын гол хариуцлагыг албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс хүлээх ёстой гээд л байдаг, яг үнэндээ сонгогчид бид ч бас сонголтондоо хариуцлага хүлээх цаг ирчихсэн байна тийм үү?

    Мөнгөгүй ч мэдлэгтэй, чадвартай, нэр цэвэр хүнийг «Мөнгө байхгүй юм чинь яаж гишүүн хийж чадах юм?», «Сонгуульд мөнгө зарцуулахгүй бол мэдээж гарч ирж чадахгүй» гэдэг.

    Харин том том сурталчилгаа хийж, мөнгө тараах боломжтой хүмүүстээ итгэл үзүүлчихээд, сонгуулийн дараа авлига, шударга бус байдлыг гайхаад ниргэсэн хойно нь хашгирав болоод бухимдацгаагаад байх юм.

    Бид өөрсдөө эхлээд мөнгөөр саналаа үнэлчихээд, дараа нь шударга төр нэхэх эрхтэй юу?

    Мөнгөгүй нэр дэвшигч (кандидат) хэвлэл мэдээллээр байр сууриа хүргэхэд ч хязгаарлагдмал. Мөнгөгүй нэр дэвшигчээс ярилцлага авахгүй, нийтлэхгүй, заримдаа мөнгө төлөөгүй нэр дэвшигчийн зургийг ч оруулаагүй сонины нийтлэл байгаа шүү.

    Тэгээд ялагдсан кандидатаа «Чадваргүй» гэж басамжилдаг ч нүгэл нүдээрээ гэгчээр өөрсдийнх нь амьдрал дордоод, боломж хумигдаад байгаадаа өөрөө буруутай гэдгээ мэдэхгүй л явцгааж байна уу?

    Кандидат үнэхээр чадваргүй байсан уу?, өрсөлдөх боломж нь анхнаасаа хязгаарлагдмал байсан уу? гэдгийг та бүхэн бодож үзэж байсан уу?

    Нэр цэвэр, үнэ хүндтэй хүн маань гэтэл машин унаагүй, чанга яригчаа үүрээд, явган таваргаад ард иргэдтэй өөрөө биечлэн уулзаж буйг хараад шоолж байсан хэрнээ мөнгөтэйд нь долигонож, хэдэн төгрөгийн төлөө саналаа өгөөд эцэст нь хэн хохирцгоов?

    Эцэст нь та бүхэн мөнгөөр саналаа худалдсан хүмүүстээ итгэж найдаад эх орны баялгаа өөрсдөө зараад энд тэнд барьцаанд тавиад туучихсан буруутан сонгогч та өөрөө л байна шүү дээ. Одоо гайхах, харамсах юун???

    Өнөөдөр авсан хэдэн төгрөгөөрөө маргаашийнхаа, хэдэн жилийнхээ, бүр ирээдүйгээ үр ач нарынхаа бүх боломжийг алдсанаа сонгогч та ойлгож ухаарав уу?

    Бүгдийг улс төрчдөд тохож болохгүй. Сонгогчид та бид ч өөрсдийн сонголт, хандлагаа эргэж харах цаг болсон.

    Би л гэхэд 2020 онд мөнгөгүй, ядуу гэдгээрээ дуудуулж, орон нутагт УИХ-д нэр дэвшиж явахад ах дүү, хамаатан садан минь хүртэл ичиж байсан байх гэмээр надаас дөлж зугатаж, жийрхэж байсан.

    Гэсэн ч надад итгэж, саналаа өгсөн 266 хүндээ би өнөөдөр ч талархаж байна. Та нар маань мөнгөнд биш, надад итгэж саналаа өгсөн учраас тэр итгэлийг би мартдаггүй. (Мэдээж миний ах дүү нар дотно найз нөхөд бүгд л багтсан гэж итгэж байгаа..)

    Тиймээ би дахин 2028 онд дахиад нэр дэвшинэ ээ. Энэ удаа 500 хүний санал авчихвал бүр алан болно за.

    Сонгуулийн дараа «Ард түмэн минь, та нар хэзээ засрах юм бэ?» гэдэг ном бичнэ. LOL.

    Гэхдээ энэ нийтлэлийн зорилго бол ард түмнээ муулах биш шүү, харин бид ойлгож ухаараад, сайн бодож тунгаагаад, нээрээ хоосон хүнээ дэмжээд үзье, хоосон чигээрээ хугацаагаа дуусгавал дахиад сонгоод байя гэтэл итгэл алдахгүй ч юм билүү?

    Оросын Төрийн Дум сая хамгийн ахмад эмэгтэй гишүүн бол Валентина Терешковаг сонгосон. 2026 онд 89 настай бөгөөд шинэ IX дэх удаагийн Думын хамгийн ахмад эмэгтэй депутат.

    Би одоо 53 настай гэхээр 36 жил өмнө минь цэлийгээд байж байна. 9 удаа УИХ-д сонгогдох хугацаа байна. Хөрөнгөө тоолуулаад л, улс эх орныхоо эрх ашгийн төлөө хэн нэгэнд барьцаалагдахгүй яваад байх боломж байгаа биз???

    УИХ-ын гишүүд гэдэг бол салбар салбарын эгэл жирийн багш, эмч, инженер, малчин, тариаланчдын төлөөлөл хурлын л гишүүд болохоос баячуудын цуглуулга биш шүү дээ…

    Энэ тогтолцоог халж эгэл жирийн 76-126 гишүүн сонгож оруулж ирчихээд ард түмэн минь хэмлээд сууж байх нь зөв байгаа биз дээ гээд өөрсдөөсөө асуугаад үзээрэй.

    Бид үнэхээр шударга төрийг үнэхээр хүсэж байна уу?, эсвэл өөрсдөдөө ашигтай үедээ л шударга ёсны тухай ярьдаг болчихов уу? Өөрчлөлтийг хүсэж байгаа бол сонголтоосоо эхэлье та минь.

    • Мөнгөтэй хүнийг автоматаар чадвартай хүн гэж бодохоо больцгооё.
    • Мөнгөгүй хүнийг автоматаар чадваргүй гэж бүү дүгнэхээ больцгооё.
    • Саналаа мөнгөөр үнэлэхээ больцгооё.

    Төрийг өөрчлөхөөсөө өмнө эхлээд сонгуулийг харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй байна аа. За тэр УИХ сонгууль хол байна. Монголчууд бидэнд яг одоо оюун санааны удирдагч хэрэгтэй байна. Нэлээд оюунлаг, зангарагтай удирдагчийг бид яаран олохгүй бол энэ Монгол улсад чинь удирдагчийн заяа нь хаячихсан юм шиг нэг л болдоггүй ээ.

    Хэн ч бай дэвшээд ирсэн хэнийг ч байсан хувь хүнийх нь хувьд газар цөмөртөл доромжилдгоо больцгоомоор байна аа.